Үндэсний
хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж,
ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас,
хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн
тусгалаа олсон байдаг. Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж
ирсэн аж ахуй, байгал цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг
илэрхийлдэг.
Монголчууд
бэлчээрийн мал аж ахуй, ан гөрөө эрхэлдэг нүүдэлчид байлаа. Асар уудам
газар нутагтай, цөөн хүн амтай энэ орны хөрс газар тариалан эрхлэхэд
төдийлөн тохиромжгүй тул хэрэгцээний бөс бараа, торго дурдан, тариа
будаагаа зэргэлдээ орших суурин омог аймгуудаас авдаг. Заримдаа
худалдааны хэлцэлээр бараа солилцооны маягаар, яриа хэлэлцээрээр
бүтэхгүй үед уулгалан дайрч дээрэмдэн авдаг байсан тухай түүхэнд
тэмдэглэсэн байдаг. Дайнч, моринд гарамгай монголчуудын хувцас хүний
хөдөлгөөнд бүрэн зохицсон, тайван цагт ч, дайн тулааны үед ч
өөрчлөгдөхөөргүй хэв загвартай, салхи хаасан битүү энгэртэй, гар
даарахгүй нударгатай дээл, морин дээр удаан явахад биед түшигтэй
/европийн зарим судлаачид корсеттой жишсэн/ өргөн бүс, урт өмд, өвдөг
хүрсэн урт түрийтэй гутал сэлтээс бүтэж байв.
Эрт
урд цагт монголчууд элдүүр нь ханасан хонины арьсыг ар нуруугаар нь
хавсарч шуумаг болгон өмд гэдэг өмсгөл зохиожээ. Эрс тэрс уур амьсгалтай
нутагт амьдардаг, морьтон монголчуудад өмд тун чухал хувцас байв.
Үүнийг оросын нэрт түүхч Л.Н.Гумилев: “Танд орчин цагийн европ эрийг
өмдгүй төсөөлөхөд бэрх. Гэтэл өмд гэдэг өмсгөлийг анх төв азийн
нүүдэлчид зохиосон”[1]
гэж бичсэн байдаг. Японы түүхэн зохиол туурвигчдын тэргүүн төлөөлөгч
Шиба Рёотаро “манай эрний өмнөх хятадын Жао улсын Y Лин улсдаа анх удаа
хөнгөн морин цэрэг санаачлан зохион байгуулахдаа, умардын зэрлэгүүдтэй
дайтахад тэдний дайтах хууль ёс, өмсгөл жаягийг дууриах хэрэгтэй”[2]
гэж уриалсан байна. Нүүдэлчид шиг “өмд өмсөцгөөе” гэсэн тэр уриалга урт
шуумагтай өмд, түрийтэй гутал өмсдөг одоогийн хувцасны эхийг тавьсан
гэдэг. Шиба Рёотаро цааш: “Монгол дээлний товч шилбэ ХҮII зууны сүүлчээр
Унгарын морин цэргийн хувцсаар дамжин Европт тархахдаа дээлний шилбэ
хавирга мэт уртасч мундирийн гоёл, чимэг төдий болжээ” гэж дүгнэсэн нь
бий.
No comments:
Post a Comment